Захидал: Бичээчид ээ, бичээч дээ!
Бичвэрээрээ дамжуулж, өөрийнхөө өвдөлтийг анагааж, өрөөл бусдад тусалж, боломж нь гарвал соён гэгээрэл, соёлт ирээдүйн төлөөх цусгүй дайнд хүч нэмээрэй.
Энэ цагийн болон ирээдүй үеийн бичээч та сайн байна уу?
Бичих хүсэлтэй ч эхлээгүй, эхэлсэн ч бүтэлгүйтсэн, амьдрал жигдрэхээр бичнэ ээ гэж хойшлуулдаг, бичиж буй ч нэг л болж өгөхгүй байгаа гээд ямар нэг шижмээр бичихтэй холбогдсон хүн бүхэнд энэхүү захидлаа 2026 оны Гал морин жилийн хаврын сүүл сарын шинийн 16-наас бичиж байна.
Энэ захидлаараа таныг бичээч хэмээн урьж, гуйж бас ятгаж байгаа юм. Учир нь би өөрийгөө хэр хугацаанд хэр ихийг бичихээ мэдэхгүй ч ямар ч байсан ганцаараа бичээд бичээд нийгмийн дэнсийг дорвитой хөдөлгөж чадахгүйгээ сайн мэддэг билээ.
Хэрэв та бичих хүсэлтэй бол яг одоо үзэг дэвтэр, утас компьютероо шүүрч аваад бичээрэй. Юуг яаж бичих нь хамаагүй. Хэр дориун бичих нь ч падлийгүй. Гагцхүү бичиж туурвиж, монгол хэлний их сан хөмөргөнд нэг ч гэсэн дусал нэмэх хэрэгтэй. Тэгж гэмээн ангаж цангасан хэн нэгний оюуныг ундаалах бөгөөд үүн шиг их буян жаргал үгүй.
Учир нь манай нийгмийн болон ер нь хүн гээч амьтны өмнө айхтар том сорилт тулгараад байна. Бид боддог, сэтгэдэг, эргэцүүлдэг, ухаардаг, өөрчлөгддөг байх уу? Эсвэл хонин сүргийн нэг болж, орчин цаг гэх энэ аймшигтай махны машинд тас татуулах юм гэж үү?
Бичихэд уруу татаж байгаа тул хариуцлагаа хүлээн нэг зүйлийг бас цохон тэмдэглэе. Бичих бидний гаднаас нь хардаг шиг романтик ажил биш. Би одоо ч эдгээр үгсийг нийлүүлэн суухдаа зовж зүдэрч байна. Юм бодохгүйгээр аахар шаахар зүйлсээр өөрийгөө зугаацуулан саарал амьдралын бор хоногуудыг өнгөрөөж болох ч болсон болоогүй юмс сараачиж, бодол дотроосоо аятайхан юм олчих гээд өөрийгөө өвтгөн сууна.
Бичих бол тун чиг зовлонтой ажил. Халуун төмрийг залгиад улаан хоолойгоо түлж, эцэстээ халууныг нь ходоодондоо шингээж авчхаад буцаад өнөөх төмрөө бөөлжин гаргаж байгаа мэт үйл. Энэ утгаараа бичээч хүн төмрийн оронд үг ашигладаг л болохоос уран дархантай ижил. Яагаад гэдгийг нь тайлбарлая.
Бичихийн тулд эхлээд энд тэндээс олж цуглуулсан санаануудаа төмөр тогоонд хийгээд хайлуулна. Тэдгээрийг цуглуулахын тулд хэдэн уул давж, хэдэн гол гаталж, хэдэн нас насалж, хэр их зовох хэрэгтэйг хэн ч мэдэхгүй. Энд тэндээс ирсэн, харь элгийн тэдгээр санаануудаа өндөр хэмд хайлуулж, өөр хооронд нь уусгана гэдэг бүр ч тамын ажил. Уураг тархин дотроо уурын зуух ажиллуулна л гэсэн үг. Хэдий их галласаар байв ч төмөр үл хайлах үе бий. Тууштай байдал л үүнд тусална.
Дараа нь нэгэн цул болсон төмрийн хайлмагаа хөрөхөөс нь өмнө ямар нэгэн хэвд цутгах хэрэгтэй болно. Шүлэг, зохиол, тэмдэглэл, орчуулга гээд янз бүрийн хэв бий. Гагцхүү бичээч та оюуны охь болсон тэр нандин санаагаа сошиалын галзуурал дунд тавиад туучхав аа! Санаа, бичвэр гэх зүйл нүдний гэм болж сенсац, ховоор дүүрсэн сошиалд яг үнэндээ таныг алгаа тосоод анхаарч сонсох хүн тун цөөн.
Эцэст нь хэвээс гарсан, амиа зогоох л элчтэй, эмзэг тэр бүтээлээ хэдэн талаас нь цохиж балбах хэрэгтэй болдог. Арай гэж олсон санаануудаа нийлүүлж, чадан ядан эмхэлсэн эрхэм тэр бүтээлдээ гамгүй хандаж, өнгөлж зүлгэж, өөлж муулна гэдэг толинд хараад өөрийгөө голж, сийчиж байгаагаас ялгаагүй мэт санагдах нь бий. Гэсэн ч энэ өвдөлт цаг хугацааны аясаар намдаж, уран бүтээлч болон уран бүтээл хоёрын хоорондох зааг ялгарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, та уран бүтээлээсээ ангид оршдог болно.
Гаслантай нь гэвэл, цуглуулж, хайлуулж, цутгаж, янзалсаар бэлэн болсон зэвсэг дайны талбарт буюу уншигчдад хүрээд тэр дороо хугараад унаж мэднэ. Эсвэл аз, ид таарч торойн үлдэж ч мэднэ. Аль нь ч бай, бичээч учир ахиад л өөр зүйлийг бичих хэрэгтэй. Тэгэх бүрдээ ахиад зовох ч сонгосон хувь тавилангаасаа зугтаж болохгүй. Бичих ажил амар болдог эсэхийг хэлж мэдэхгүй юм. Жаргаж бичдэг хүнтэй лав таарч байгаагүй тул үгүй биз. Харин бичихүйн зовлонг тэвчиж сурсан хүмүүстэй олон таарч байлаа.
Хүний амьдрал хувьсан өөрчлөгдөж, бүх зүйл амар хялбар болж, бодох ажлыг хүртэл машинд даатгаж болоод байхад яагаад ингэж зовох хэрэгтэйг гайхаж байж магадгүй юм. Амьдрал амар болох тусам хүн байхын утга учир замхардагт хариулт нь нуугдаж буй. Энэ хорвоод үхсэн загас мэт амьдрах гэж ирээгүй гэдгээ та бидний хэн хэн нь сайн мэднэ. Тэгж амьдрахад хорвоогийн цөөн жилүүд хэтэрхий уртадна.
Би хамгийн хэрэггүй занг хоосон гомдоллох гэж боддог юм. Бусдыг бичүүлчхээд өөрөө хойш суух гээд байгаа юм биш. Галзуурлын эсрэг гал авч, гал халуун насаа соёлт нийгмийн төлөө зориулсаар байх болно. Гагцхүү хэрэв танд ийм сэтгэлийн дуудлага бий бол нүдэнд үл үзэгдэх энэхүү тулаанд урин дуудаж байгаа юм.
Үүнийг уншиж буй уншигч таны зүрх сэтгэлд хэрэв (энэ хүртэл уншсан бол байж л таараа) бичээчийн гал, эрмэлзэл бий бол яг одоо ямар нэг зүйлийн тухай бичээрэй. Түүнийгээ ядаж хажуудаа суугаа нэгэнд эсхүл үл таних бусадтай хуваалцаарай.
Бичвэрээрээ дамжуулж, өөрийнхөө өвдөлтийг анагааж, өрөөл бусдад тусалж, боломж нь гарвал соён гэгээрэл, соёлт ирээдүйн төлөөх цусгүй дайнд хүч нэмээрэй.
Таныг хүндэтгэсэн,
Түшигт




Харин яг цаг гаргаж, зарцуулан бичихгүй бол хойш тавигдаад яваад байдаг юм байна хэхэ, чадахаараа бичнээ